Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭГДЭЛ

2019-03-07   |   Админ

 
         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэнгийн талаар “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны аав, ээжүүдийн групп” цахим хуудсаар “Мөнгөний төлөө шийдвэр гаргасан шүүгч Н.Долгорсүрэн” гэх гарчигтай худал, ташаа мэдээллийг  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагт олон нийтэд мэдээлсэн байна. 
         Тус шүүхээс “ИКА” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлож, маргаан бүхий газрын үзлэгийг шүүх хуралдаанаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон байна. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжуудыг хэргийн оролцогчдын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, тогтоолоор хэвээр үлдээсэн байна.   
      Тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар 19-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлогдсон байхад шүүх хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн мэтээр “Мөнгөний төлөө шийдвэр гаргасан” гэж  худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүхээс шударга шийдвэр гаргахад шүүгчид дарамт шахалт үзүүлж,  мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлгүй мэдээллээ нэн даруй зогсоохыг “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны аав, ээжүүдийн групп” цахим хуудасны хөтлөгчид анхааруулж байна. 
       Дээрх цахим хуудсаар тарааж буй үндэслэлгүй мэдээлэл нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд ноцтойгоор нөлөөлж буй үйлдэл байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”- заасны дагуу Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, холбогдох байгууллагад хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.  
 
 
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР