Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Хуульчийн про боно-2019 өдөр” амжилттай болж өндөрлөв

2019-05-02   |   Админ

Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа буюу Про боно өдөрлөгийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 
 
 
Энэхүү арга хэмжээ өнөөдөр "Хуульчийн про боно-2019 өдөрлөг” нэртэйгээр Нийслэл хотноо амжилттай зохион байгуулагдав. Хуулийн байгууллагууд нэгдсэн энэхүү өдөрлөгийн үеэр иргэдэд  хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, сурталчилан таниулж байгаагаараа онцлог болсон юм.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар энэхүү өдөрлөгт хуулийн бусад байгууллагуудтай хамтран оролцож иргэдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчилан таниулах, гарын авлага сэтгүүлээр хангах, мэдээлэл өгөх зэргээр үйлчилгээ үзүүлж ажиллалаа.  
 
 
Уг арга хэмжээнд Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дүүргийн эрүү, иргэн, захиргааны бүх шатны шүүх, шүүхийн төрөлжсөн архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн байгууллагууд оролцсон юм.