Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Батсүрэн томилогдлоо

2019-06-10   |   Админ

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарт зарлиг гардууллаа. Энэ үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч мөн зарлигаа гардсан юм. Тус шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Батсүрэн томилогдлоо. Тэрээр 1988 оноос хууль, шүүхийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 2012 оноос Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр дагнан ажиллаж байна.  
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэнгийн ажлын туршлагыг танилцуулж байна:
 
1988-1989 онд Дундговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөх, өмгөөлөгч;
1994-2000 онд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
2000-2002 онд Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2002-2012 онд Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2012-2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2013.12.18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч;
2014.05.09-ний өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
2019.06.10-ны өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.