Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцэв

2019-07-03   |   Админ

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын тайлан болон Тамгын газрын үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцлээ.
Тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн болон шүүгч нар болон захиргааны албан хаагчид бүгд оролцсон тайлангийн хуралд ерөнхий шүүгч Ц.Батсүрэн шүүн таслах ажлын тайланг, Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Тамгын газрын дарга Д.Ганбаатар танилцуулсан юм.  
    Энэ үеэр ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хэлсэн үгэндээ “2019 оны сүүлийн хагас жилд  шүүгч бүр шүүн таслах ажиллагааныхаа чанарт онцгойлон анхаарч,  шүүн таслах ажиллагааны алдаа зөрчил гаргахгүй ажиллах нь шүүгчдийн нэн тэргүүний анхаарвал зохих асуудлын нэг. Түүнчлэн шүүгч бүр хэргийн хөдөлгөөнийг удирдах буюу  манлайлагчийн хувьд  хэргийн хөдөлгөөний үе шатны ажиллагааг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх, тавих хяналтыг сайжруулах, Шүүхийн тамгын газраас хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай байна” хэмээн онцгойлон хэлсэн юм.