Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Онч шийдэл төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан талуудын хүсэлтээр хойшлов

2019-08-06   |   Админ

       Онч шийдэл төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт/ болж өндөрлөв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Онч шийдэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцлоо. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна. 
          Дашрамд дурдахад, Онч шийдэл төрийн бус байгууллага нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын хавсралт нэгээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато анарваан” ХХК-иудад холбогдох хэсэг, мөн сайдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Баяр плант ХААБ” ХХК, “Доктор мейк” ХХК, “Мондем” ХХК, “Ти Эс Эн” ХХК, мөн сайдын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Их Улс” ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх 2019 оны 01 дүгээр 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна.