Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар Гэрээний бус үүрэг-4 гарын авлага номыг эрхлэн гаргажээ.

2016-11-30   |   Админ

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар Гэрээний бус үүрэг-4 гарын авлага номыг эрхлэн гаргажээ.

 

Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар Гэрээний эрх зүй - 1 номыг 2007 онд анх гаргаснаас хойш Гэрээний эрх зүй - 2, Гэрээний эрх зүй - 3 номыг нийтийн хүртээл болгосон бол энэ удаа дээрх гарын авлагын 4 дүгээр ботийг ийнхүү хэвлүүллээ.   
Гэрээний бус үүрэг - 4 ном нь өмнөх тайлбаруудын цуврал хэсэг бөгөөд Иргэний хуулийн 51 дүгээр бүлэгт заасан хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, 52 дугаар бүлэгт заасан зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах зохицуулалтуудыг тайлбарлажээ. Түүнчлэн өмнөх тайлбар номуудад хууль хэрэглэх аргачлал бүхий бодлогыг оруулдаг байсан уламжлалыг хадгалж иргэний эрх зүйн сургалт явуулдаг шүүгч-багш нарын бэлтгэсэн дээрх сэдвүүдэд холбогдох эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх аргачлал бүхий бодлогуудыг багтаасан байна.  Хуулийн зохицуулалтын тайлбарыг бодлоготой хамтатган судлахад хууль хэрэглээний практик ач холбогдолтой энэхүү гарын авлага ном нь нийгмийн олон талт харилцаанд хуулийг тайлбарлан хэрэглэх мэдлэгт тус дөхөм болох юм.