Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэлийн захиргааны шүүхийн баг мөнгөн медаль хүртлээ

2019-10-08   |   Админ

      Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  2019 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.
 
     Тэмцээнд бүс, бүсээсээ шалгарсан шилдэг 12 багийн 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Улсын Дээд шүүхийн н.Эрдэнэт ахлагчтай баг тамирчид тэргүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Харин Х.Гантулга ахлагчтай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамтарсан баг аман хүзүүдэж мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийн эзнээр И.Амартөгс ахлагчтай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг тодорсон юм.
 
     Тэмцээний “Шилдэг хагас хамгаалагч”-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамтарсан багийн тамирчин П.Нармандах, “Шилдэг довтлогч”-оор Улсын дээд шүүхийн багийн тамирчин, довтлогч н.Билгүүн, “Шилдэг хамгаалагч”-аар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан багийн тамирчин И.Амартөгс нар тодров.
Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг  2020 онд зохион байгуулах шүүхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамтарсан баг тодорч батламжаа гардсан юм.