Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Практик сургалтын танхимаа нээлээ

2019-11-06   |   Админ

    ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санаачилгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт шүүгч, захиргааны ажилтнуудад сургалт, мэдээлэл зохион байгуулах зориулалт бүхий иж бүрэн Практик сургалтын танхимаа өнөөдөр нээлээ. 
 
    Энэхүү танхимтай танилцахаар өнөөдөр /2019 оны 11 дүгээр сарын 06/  төслийн ахлах менежер Б.Жавхлан, төслийн менежер Ц.Мөнх-Од, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах  нар хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар сургалтын танхимын үр өгөөж,  тохижилт, сургалтын төлөвлөгөөгөө танилцуулав.
 
     Уг сургалтын танхим нь сургалтын иж бүрэн 8 компьютер, нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмж, поректор, олон үйлдэлт хэвлэгч, канон зэрэг нийт 46,037,239 төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн шийдэл бүхий сургалтын танхим болсон юм. Цаашид уг сургалтын танхимд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, мөн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт, шүүгч нарт зориулсан зарим төрлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
     Энэ дашрамд уг сургалтын танхимыг бүрэн тохижуулахад туслалцаа үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн хамт олонд талархал илэрхийлж байна.
 
 
 
 
 
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Та манай YOUTUBE CHANNEL хуудсанд зочлох бол дараах зурган дээр утасны камераар л хараад үзээрэй....