Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

2019-11-18   |   Админ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.

Уг захирамжуудыг нэхэмжлэгч “Дархан Монгол Ногоон нэгдэл” НҮТББ-аас “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн уг хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан Монгол Ногоон нэгдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосон байна.

ЖИЧ: Уг маргаан нь “Оюу толгой” болон “Дубайн гэрээ”-г илт хууль бусад тооцсон буюу гэрээтэй холбоотой маргаан биш, захиргааны байгууллага буюу Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргаан болно.