Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн нар Захиргааны шүүхтэй танилцав

2019-11-20   |   Админ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн Захиргааны тэнхимийн тэргүүн М.Батсуурь, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар албаны бусад хүмүүсийн хамт хамт өнөөдөр Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай танилцлаа.

Энэ үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батбаатар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нар шүүн таслах ажлын мэдээллээ танилцуулсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх улсын хэмжээнд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Шийдэж буй хэрэг маргааны тоо их, шүүгчийн ачаалал өндөр байгааг онцолж байв.  Мөн захиргааны хэргийн шүүх Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хууль, тогтоомж, захиргааны шийдвэрийг хэрэглэдэг учраас онолын болон практик сургалтыг тогтмол явуулах шаардлагатайг энэ үеэр шүүгч нар хэлж байв. Мөн шүүгчийг шийдсэн хэрэг маргаантай нь холбогдуулан нэр хүндэд нь халдах тохиолдол их учраас хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудалд илүү анхаарахыг хүсэв.

            Тус хоёр шүүх улсын хэмжээнд давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн нийт хэргийн 50-70 хувийг бие дааж шийддэг, нэг шүүгчид ногдох ажлын ачаалал өндөр. Тиймээс шүүгчийн ажлын ачааллыг бууруулах болон шүүх, шүүгчийн халдашгүй байдал, нэр хүндийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх, шүүгчийн мэргэжлийн хариуцлагын стандарт тогтоох зэрэг саналыг шүүгчид хэлсэн юм.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалааМөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр оролон гүйцэтгэгч, тус шүүхийн зохион байгууллагч Н.Жадамбаа нар шүүхийн захиргааны үйл ажиллагаа, шүүхийн хүний нөөцийг тогтвортой болгох талаар анхаарч ажиллах зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд  Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах бодлого, зорилтоо танилцуулж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонссон юм.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид бодлогоо нэгтгэж хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан юм. Тодруулбал, "Цахим шүүх” бодлогыг хэрэгжүүлж шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн орчин болон цахим мэдээллийн сан, түүний аюулгүй байдлыг бүрдүүлж, хангах талаар олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар төлөвлөснөө мэдээллээ. Мөн Шүүхийн хүний нөөц болон сургалт, судалгаа, гадаад харилцааны бодлогоо нэгтгэн, хамтран ажиллахаар төлөвлөснөө танилцуулсан. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр анхан болон давж заалдах шатны шүүхтэй хамтран бодлого хэрэгжүүлэх талаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар уулзалтын үеэр ярьсан юм.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа

Монгол Улсын Их хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсантай холбогдуулан дагалдах хуулийн төслүүдэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид идэвх санаачилгатай оролцохыг онцлов.