Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“ХУР” системийн талаар мэдээлэл өглөө

2019-11-25   |   Админ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, програм хангамж хариуцсан референт Э.Амарсанаа, техник хангамж хариуцсан референт Б.Алтанбагана нар өнөөдөр "Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох” талаар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад мэдээлэл өглөө. 

Төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, төрийн үйлчилгээг хялбаршуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй энэхүү төсөл удахгүй ажил хэрэг болж эхлэх юм.

Улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 37, захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл, баримт гаргуулан авдаг. Ингэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд дунджаар 7.3 хоног, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд 14.4 хоногийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн лавлагаанд зарцуулах хугацаа 3, иргэний хэргийн анхан шатны шүүхийн лавлагаанд зарцуулах хугацаа 10 хоногоор багасаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа илүү шуурхай болох ач холбогдолтой юм.