Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар Н.Батхүү томилогдов

2020-05-04   |   Админ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Зарим шүүхийн Тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томилох тухай тогтоол гарч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Дэлгэрийн Ганбаатарыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлж, тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд Намжилдоржийн Батхүүг томиллоо.

  Тамгын газрын дарга нарын ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн даргаар Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, гишүүдээр Шүүхийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.Алтаншагай, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан референт Ж.Онон болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаяр, Ерөнхий нягтлан бодогч С.Оюун-Эрдэнэ нар байлцав.

            Ажлын хэсгийн ахлагч Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг Тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томилох тухай тогтоолыг уншиж танилцуулаад “Дэлхий даяар COVID-19 /коронавирус/ вирус дэгдсэнтэй холбоотойгоор манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед ажил хүлээлцэх арга хэмжээг цомхон хэмжээнд зохион байгуулж байна. Тамгын газрын дарга Д.Ганбаатартай 2014 оноос хойш хамтарч ажиллалаа. Шүүхийн шинэтгэлийн он жилүүдэд шүүхийн захиргааг бэхжүүлэх үйлст идэвхи, санаачлагатай оролцсон. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирснээсээ хойш “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс”-ийг нээж, ажил үйлсээрээ тамгын газрын дарга нараа манлайлж, тэргүүн байр эзэлж явсан манай шилдэг Тамгын газрын дарга гэдгийг энэ дашрамд дурдах нь зүйтэй. Н.Батхүү даргын хувьд ч шүүхийн захиргаанд олон жил ажилласан, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж яваа манай шилдэг боловсон хүчнүүдийн нэг.  Та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

            Д.Ганбаатар тамга, тэмдгээ хүлээлгэн өгөхдөө “Н.Батхүү дарга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн одоогийн орон байрны асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж, засвар үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн гавьяатай. Энэ суурин дээр ажлыг нь хүлээн авч, сайн ажиллахыг эрмэлзэж, үр дүндээ ч хүрсэн. Залуу, эрч хүчтэй удирдагчийн хувьд улам илүү ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэв.