Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 200 орчим иргэнд мэдээлэл өгч ажиллав

2017-09-20   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөв. Тус шүүх нь шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өдөрлөгийн үеэр тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” , "Шүүхийн үйлчилгээ түүний ач холбогдол", Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйл зэрэг олон талын мэдээллийг 200 орчим иргэнд өгч, гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав.