Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэв

2017-11-08   |   Админ

     Ж.Батсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагт хэлэлцэв. Уг урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ж.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан нар оролцлоо. Уг хүсэлтийг хянан хэлэлцээд: 
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Ж.Батсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байна.  
Захиргааны хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.