Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Г.Оюунцэцэг: Шүүхэд хандах учраа олохгүй газраа луйвардуулж байгаа хүн олон бий

2017-11-17   |   Админ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Г.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хоёр байгууллагын газрыг түрээслэсэн гэх үндэслэлээр таван жилийн өмнө шүүхэд дуудагджээ. 
 
-Маргаан юунаас эхэлсэн юм бэ?
 
-Би 2006 онд үйлчилгээний зориулалт бүхий жижигхэн газар дээр барилга барихаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас зөвшөөрөл авсан юм. Ингээд эзэмшил газар дээрээ барилгын ажил эхлүүлэх гэтэл “Шаштир трейд”, “Мон-Оргил” хоёр компани барьсан хашааг маань буулгаж, хүч түрэмгийлсэн. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтсан юм.  Бүр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. 
 
-Та тэгэхээр анх иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар дуудагджээ дээ?
 
-Тэгсэн. Миний эзэмшил газартай давхардуулж захирамж гаргуулаад “Энэ хүн миний газрыг түрээсэлдэг” гээд 6 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байсан. Ийм шударга бус байж болохгүй шүү дээ. Хуурамч баримт гаргаад л хүний хувь заяаг шийдчихнэ гэж бодсон байгаа юм. Би багагүй хугацаанд судалсны эцэст Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 
 
-Газрын албанаас хуурам бичиг баримт гаргуулсан гэж үү?
 
-Би тэр газрыг эзэмших гэж 2000 оноос хойш хөөцөлдсөн. Жирийн иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд ямар олон шат дамжлагаар явдгийг биеэрээ үзэж мэдэрсэн хэрэг. Олон жил тууштай хөөцөлдсөний эцэст 2007 онд тухайн газрыг эзэмших албан ёсны эрхтэй болсон. Тэр хугацаанд газар дээрээ барьсан жижигхэн байшинг маань шатаасан үйлдэл удаа дараа гарч байсан. Эзэн холбогдогч нь тогтоогддоггүй байлаа. Зарим нэгэнд инээдтэй сонсогдож болох ч иргэн миний хувьд их хэмжээний хохирол амссан. Ганцхан би биш, олон иргэд ийм асуудлаас болж хохирч байгаа. Төрийн байгууллага, газрын албаныхан яаж хуурамч баримт үйлдэж, давхцал үүсгэж, иргэдийн газрыг булааж авдгийг энэ хугацаанд нүдээрээ үзлээ. Иргэн надад үнэнээр яваад баримтаа бүрдүүлэхэд амаргүй даваа. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс гажуудал үүсгэж, хуурамч бичиг баримт гаргаж өгч байсан. Тэр бүхнийг мэдсэний үндсэн дээр өөрөө учгийг нь тайлахаар нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хандсан. 
 
-Та газрын албанд итгэл алдарсан юм байна. Шүүхэд хандахдаа итгэлтэй байв уу?
 
-Өмнө нь шүүхээр үйлчлүүлж явсангүй. Нуугаад яах вэ, шүүхээс эмээж л байлаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг газар л гэсэн ойлголттой явж ирсэн. Шүүх иргэн хүнд үйлчилдэг, шударга үнэний талд байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Шүүхэд хандсанаас хойш 5 жил гаруй хугацааны дараа хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ. Нотлох баримтын хүрээнд үнэн бодитой шийдвэр гаргаж өгсөн анхан, давах, хяналтын шатны  шүүхэд маш их баярласан. Шүүх сайхан болж. Ил, тод нээлттэй ажиллаж чадаж байна. Цагдаагийн байгууллагад энэ шинэчлэл хэрэгтэй байна. Хуулийн систем бүхэлдээ ингэж өөрчлөгдвөл сайхан даа. 
 
-Газар эзэмших гэж, эзэмшсэн хойноо маргаанаа шийдүүлэх гэж маш их хугацаа алджээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Шүүхээр явсан маань хүүхдээр бол хүүхэд төрөөд, хэлд орж, цэцэрлэгээс сургуульд орох хугацаа гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд байшин барих мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд алдсан. Газрын зөвшөөрөл авахын тулд удаан хугацаанд хөөцөлдөж, өмгөөлөгч авахад багагүй хөлс төлж, газрын үнэлгээ, барилгын зураг төсөл гаргуулах гээд бараг 100 орчим сая төгрөгөө алдсан. Энэ бол бодит хохирол, дээр нь сэтгэл санаа гээд ярьвал асуудал байна шүү дээ. 
 
-Ямарч байсан газрын асуудлаа шийдүүлжээ. Одоо барилгаа барихад асуудалгүй биз дээ?
 
-Шүүхээр яваад өөрийнхөө талд хэргээ шийдвэрлүүлчихсэн хүн чинь урам оролгүй яах вэ. Шүүхэд хандах учраа олохгүй газраа луйвардуулж байгаа хүмүүс олон бий. Саяхан төрсөн дүүгийн маань газрыг амьдарч байхад нь хэд хэдэн хүнд өгчихсөн байгаа юм. Энэ бол арай дэндэж байгаа биз. Энэ асуудлаар дүүгийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд хандаад явж байна. Өөрөө туршлагатай болсон учраас хохирсон хүмүүст чадахаараа тусална гэж бодож байгаа. Арай гэж өөрийн болгосон газраа зөв ашиглах зорилго ч байна гэв. 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх