Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” хэлэлцүүлэг боллоо

2017-12-01   |   Админ

Шүүхийн ерөнхий зөвлөл "Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагатай хамтран "Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.11.30) зохион байгууллаа.
 
 
Шүүгчийн хараат бус байдал олон нийтийн хяналтын тэнцвэрийг хангахад тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар шүүгч, хууль зүй болон сэтгүүлзүйн эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өмнө тулгарч байгаа, ирээдүйд эрсдэлтэй чухал асуудлыг хэлэлцэж байна. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэн таван жилийн хугацаанд Монголын шүүх нээлттэй болсон. Гэтэл нээлттэй шүүх бий болсонтой холбогдуулан үүсч болзошгүй эрсдэл байна. Тодруулбал, олон нийтийн хяналт, шүүгчийн хараат бус байдлын хил хязгаар хаана нийлж, хаана салж байхыг одооноос ярьж тооцохгүй бол эрсдэл үүснэ гэдэг болгоомжлол бий. Иргэний хардах, сэтгүүлчийн бичих эрх, шүүгчид тавих шударга шаардлага хил хязгаараа давчихвал шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах эрсдэлтэй. Нөгөө талаас шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчийн хараат бус байдлыг хангах олон улсын стандартыг оруулж ирсэн. Шүүгчийн хараат бус байдал иргэний хардалт, шударга шүүмжлэлээс нуугдах халхавч байж болохгүй” гэлээ.
 
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь "Шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгарч буй сорилт” илтгэлдээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хамааралтай улс төрийн буюу бодлогын хүчин зүйл шүүгчийн хараат бус байдалд хамгийн их нөлөө үзүүлж байгааг онцоллоо.
 
"Шүүхийн хараат бус байдал ба олон нийтийн шалгалга” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан шүүхийн процесс ил тод байх ёстойг "Станбулын тунхаг”(2016)-ыг үндэслэн олон улсын жишигтэй уялдуулан тайлбарлав. Шүүх эрх мэдэл нь нийтийн үйлчилгээ учраас олон нийтийн шалгалгаас ангид байж болохгүй. Шүүх хараат бус ил тод байхын тулд шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдлыг хөгжүүлэх, олон нийтийн шалгалгад Хууль зүйн сургуулийн багш нарын оролцоог бүхий л талаар онцолсон юм.
 
Шүүгчид нөлөөлөх хэлбэрийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуульд тодорхой заах талаар Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл илтгэлээрээ санал болгосон юм. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд зааснаар "нөлөөлөх үйлдэлд” ямар хэлбэрүүдийг оруулахыг тайлбарлах шаардлагатай гэв.
 
 
Дуулиант хэргийн талаарх олон нийтийн санаа бодол, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн мэдээллээс шүүгчид хэрхэн хараат бус байх талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, сэтгэлзүйч С.Батболд нар илтгэл тавьсан юм. Шүүгчийн тангараг өргөж, сургалтад хамрагддагийн хувьд шүүгч өөрт нь хуваарилагдсан хэргийг шийдэхийн өмнө талуудад тэгш хандах үүргээ сайн мэддэг. Тэр утгаараа нөлөөнд автах нь бага байдгийг олон улсын эрдэмтдийн судалгаагаар тайлбарлалаа. Олон нийтийн санаа бодол гэдэг бол баримжаа авах гэрэлт цамхаг биш, харин салхины аясаар эргэж байдаг түймэр. Харин зорилготойгоор шүүхийн эсрэг "салхи” үлээлгэх PR байгааг анхаарч ажиллах ёстойг сануулсан юм.
 
Шүүхийн байгууллага нээлттэй, ил тод байх ёстойг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар "Хэвлэн нийтлэх эрх ба шүүгчийн хараат бус байдал” илтгэлдээ онцолсон юм. Шүүгч өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах харилцааны механизмтай болох, сэтгүүлзүйд суралцах шаардлагатайг тэрбээр илтгэлдээ дурьдаал шүүх, шүүгч ил тод, нээлттэй байж шүүх засаглалын нэр хүнд өснө гэдгийг санууллаа.
 
"Нээлттэй нийгэм форум” шүүхийн мониторинг танилцууллаа. Шүүхийн нээлттэй байдал, шүүх хуралдаан хойшлох, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүхийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудалд анхаарах шаардлага байгааг мониторингийн дүн харуулжээ.
 
Дээрх илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйнухааны доктор П.Амаржаргал шүүгчид аль нэг холбооны гишүүн байх ёсгүй, холбоонд хамаарагдсанаар хараат бус байдал нь алдагдана гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч Хуульчдын холбоонд шүүгч байх шаардлагагүй, ийм саналыг олон шүүгч гаргаж байгаа талаар, доктор О.Мөнхсайхан, шүүгч М.Батсуурь нар шүүгч Хуульчдын холбоонд байх шаардлагатай. Гэхдээ Хуульчдын холбооны өдөр тутмын ажилд оролцох нь зохисгүй гэх зэргээр тодорхой зохицуулалт шаардлагатай талаар саналаа хэллээ.
 
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Тахарын албыг татан буулгасан нь хараат бус байдлыг хангахад ухралт болсныг хэлэлцүүлэгт оролцсон шүүгч, судлаачид хэлж байв. Цагдаагийн алба халаа, солио ихтэй, алба хаагчид шинээр томилогдох бүрт шүүхийн онцлогийг ойлгуулах шаардлага гардаг талаар ч хэлэх шүүгч байв. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хуульч, шүүгчид өөрсдийнхөө эрх зүйн байдлын тухай зоригтой дуугарах ёстойг хэллээ.
 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүгчийн хараат бус байдалд бодлогын нөлөөлөл их байгаа нь хамгийн хор хөнөөлтэй. Үүнээс гарах гарцыг Монголын шүүх олж эхэлсэн. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг зөвхөн Ерөнхийлөгч өргөн барихаар болсон. Гэхдээ бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр нөлөөлөл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн эрх зүйн байдлыг дордуулсан ямар нэгэн шийдвэрийг санаачлахгүй, хуульчлахгүй гэсэн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой. Энэ өнөөдөр хол сонсогдож байгаа ч хэзээ нэгэн цагт хөндөхгүй бол шүүхийн хараат бус байдалд эрсдэл байсаар байна” гэлээ.
 
Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэл дэх шүүхийн Тамгын газрын дарга нар, эрдэмтэн судлаач, прокурор өмгөөлөгч, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Мөн орон нутаг дахь шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга нар оролцсон юм. Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргах аж.
 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс