Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшлогдлоо

2017-12-04   |   Админ

         Тус шүүхэд өглөө 09 цаг 30 минутад эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан  хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшлогдлоо. 
          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, Г.Уянга, П.Шижээравдан, Ш.Пүрэвсүрэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар оролцлоо. 
 
  Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 –т заасныг удирдлага болгон мөн хуулийн  96 дугаар зүйлийн 96.2, заасныг баримтлан хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн  М.Батбаяр, МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярчимэг нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хийхээр товлолоо. 
 
        
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх