Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны шүүн таслах ажлын тайлангийн хурал боллоо

2017-12-27   |   Админ

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны бүтэн жилийн шүүн таслах ажлын тайлангаа өнөөдөр  буюу  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцлээ.
 
        Тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн болон шүүгч нар Тамгын газрын дарга Д.Ганбаатар захиргааны албан хаагчид бүгд оролцсон тайлангийн хурлыг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн удирдан зохион байгуулсан юм. 
 
       Энэ үеэр ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хэлсэн үгэндээ “Тус шүүх нь 2017 онд шинээр 1772 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 1060 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ оныг Чармайлтын жил болгосны үр дүнд хугацаа хэтэрсэн, он дамнан шийдвэрлэгдээгүй удсан 67 хэргийг шийдвэрлэж дуусгасан байна. Мөн давах, хяналтын шатны шүүхээр хэвээр батлагдсан хэргийн тоо өссөн эерэг үр дүн гарсан байна. Цаашид өмнөх ололт амжилтаа бататгаж, 2018 онд шүүгч бүр шүүн таслах ажиллагааныхаа чанарт онцгойлон анхаарч,  шүүн таслах ажиллагааны алдаа зөрчил гаргахгүй ажиллах нь шүүгчдийн нэн тэргүүний анхаарвал зохих асуудлын нэг болж байна. Түүнчлэн шүүгч бүр хэргийн хөдөлгөөнийг удирдах буюу  манлайлагчийн хувьд  хэргийн хөдөлгөөний үе шатны ажиллагааг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх, тавих хяналтыг сайжруулах, Шүүхийн тамгын газраас хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай байна” хэмээн онцгойлон хэлсэн юм.  
 
       Тайлангийн үеэр шүүгч, захиргааны албан хаагчдын зүгээс тайлантай холбоотойгоор 2017 оны алдаа, оноогоо хэлэлцэж, ирэх жилд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.