Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Газар, төрийн албаны болон ашигт малтмалын маргаан нийт шийдвэрлэсэн хэргийн 631 буюу 59.5 хувийг эзэлж байна

2018-01-29   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд шинээр 1772 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 1060 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор төрийн албаны маргаан 270 буюу 25,4  хувь,  газрын маргаантай хэрэг 216  буюу 20,3 хувь, ашигт малтмалын маргаантай хэрэг 145 буюу 13,6 хувийг тус тус  эзэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 төрлийн маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 59,5 хувийг, үүнээс зөвхөн төрийн албаны маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 25,4  хувийг эзэлж байна.
 
Шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн байдал:
Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнийг судлан үзвэл  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр /шүүхийн шийдвэрээр / шийдвэрлэсэн хэргийн 42,8 хувьд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, 11,6 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,  41.7 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Төрийн албаны маргаантай хэргийн 62,2 хувьд нь, ашигт малтмалын маргаантай хэргийн 47,9 хувьд нь нэхэмжлэлийг хангаж, иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоожээ. 
 
  • 2017 оны байдлаар тус шүүхэд захиргааны хууль бус актын  улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж иргэдээс 1457 нэхэмжлэл, хуулийн этгээдээс 680, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс 32, захиргааны байгууллага, албан тушаалтнаас 32 нэхэмжлэл гаргажээ.
  • Түүнчлэн тус шүүх 1732 захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт 12, захиргааны гэрээ 1, төлөвлөлт 1, бусад 39, нийт 1785 нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны шийдвэртэй хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан байна.
  • Тус шүүхэд 2017 онд нийт 116 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон байна. Тэдгээрийн цалин хөлсөнд 2.282.812 төгрөг олгожээ. 
 
Тус шүүх 71.604.000 төгрөгийн орлогыг  улсын төсөвт оруулсан байна. Захиргааны шүүх улсын тэмдэгтийн хураамжид нийт 111.407.400 төгрөгийн хураамж төсвийн орлогод оруулсан байна. Үүнээс анхан шатны журмаар  71.604.000 төгрөг, давж заалдах шатны журмаар 24.078.600 хяналтын шатны журмаар 15.724.800 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод оруулжээ.