Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийв

2018-02-26   |   Админ

 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.02.26) боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын алба хамтран Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хэвлэлийн бага хуралд Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газар онлайнаар оролцлоо.
 
Хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлон хүргэе.
 
Шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлын тоо 6.6 хувиар буурчээ
 
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6 хувиар буурчээ.
 
Сахилгын шийтгэл ногдуулсан шүүгчийн тоо 7 болж өсчээ
 
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд нийт 202 гомдол шийдвэрлэжээ. Үүнээс 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.
 
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
 
2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос өссөн байна.
 
Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан Шүүхийн ёс зүйн хорооны магадлал хэвээр батлагдсан шийдвэрийн тоо 2 дахин өсчээ
 
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож 3 магадлалыг хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилсөн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан байна.
 
Шүүхийн ёс зүйн хорооны 3 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянаж, Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэжээ.