Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

"Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр хойшлогдлоо

2018-03-05   |   Админ

 
     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өглөө /2018 оны  03 дугаар сарын 05-ны өдөр / 10 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр хойшлогдлоо.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн  М.Батбаяр, хариуцагч Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
 
     Талуудын эрх ашгийг хангах үүднээс шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлосон байна. 
 
     Дашрамд сонирхуулахад, Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,  гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм.