Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулав

2018-03-12   |   Админ

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай 05 дугаар тушаалд заасны дагуу ШЕЗ-ийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 02 дугаар сарын 26-аас энэ сарын 02-ны өдөр ажиллаж дууссан билээ. Тус ажлын хэсгийнхэн Хяналт-шижилгээ, үнэлгээний тайлангаа өнгөрдөг баасан гаригт /2018 оны 03 дугаар сарын 09/ тус шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.

     Тайлангийн хуралд ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх Б.Сарантуяа,  Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн захиргааны хяналт, шинжилгээ хариуцсан референт Б.Оюунгэрэл, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Энхтулга, Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, Мэдээлэл технологийн хэлтсийн програм хангамж  хариуцсан референт Э.Амарсанаа, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн референт Ч.Мөнхбат, Хүний нөөцийн газрын Шүүхийн хүний нөөцийн судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах шинжээч Ж.Өнөрбаяр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Олон нийтийн харилцаа, сурталчилгаа хариуцсан референт Э.Золбоо нар оролцсон юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс тус шүүхэд шинээр нэвтрүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж буй “Шүүхийн цахим хөтөч”, “Чатбот”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”-ийг магтан сайшааж, бусад шүүхэд түгээх сайн туршлага хэмээн онцолж байлаа.

     Тайлангийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч О.Зандраа “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарим аймаг, нийслэлийн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тушаалын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд комисс ажиллалаа. Анхан шатны шүүх шалгалт гэлтгүй өдөр тутмын үйл ажиллагаа нь жигдэрч, тогтворжсон шүүх. Энэ нь ч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтнуудын  дүгнэлтээс харагдаж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.