Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түдгэлзүүлж шийдвэрлэв

2018-03-16   |   Админ

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өглөө /2018 оны  03 дугаар сарын 16-ны өдөр / 10 цаг 50 минутад эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байна. 
 
     Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, Г.Эрдэнэболд, гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Д.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм.