Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Зургаан шүүгч томилолтоор ажиллахаар болов

2018-05-01   |   Админ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.1, 2.6, 2.8 дахь заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор тус шүүхэд 5 шүүгчийг 3 сарын хугацаагаар, 1 шүүгчийг томилолтоор ажиллуулах хугацааг дахин 3 сараар сунгав. Тодруулбал, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Өлзийжаргал, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сураагийн Отгонтуяа нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 3 сар томилолтоор ажиллуулах боллоо. 
Тус шүүх нь орон тооны 17 шүүгчтэй. Ачааллыг бууруулах зорилгоор тус шүүхэд өмнө нь томилолтоор 3 сарын хугацаанд ажилласан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэнгийн томилолтыг дээрх тогтоолоор дахин сунгаж, 3 сарын хугацаанд сэлгүүлэн ажиллуулахаар болжээ.