Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Херта Дойблер Гмелин: Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ

2018-05-03   |   Админ

     ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.05.03) танилцлаа. 
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүхийн үйл ажиллагааг танилцуулах үеэр хадагтай Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв Германд бий. Тухайн хэрэг ямар шатанд явааг иргэн хаанаас ч хянах боломжийг олгодгоороо энэ төв ач холбогдолтой. Монголын шүүх Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг ашиглаж байгаа нь том шинэчлэл” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Green Hall” шүүх хуралдааны танхимд болж байсан шүүх хуралдааныг ажиглаад“Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан, маш цэлгэр танхим байна” гээд дараагийн удаад шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлэв. Хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүйг ажигласан тэрбээр “Германд хариуцагч тал шүүх хуралдаанд ирэхгүй байх тохиолдол байдаггүй” хэмээн гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. 
 
 
     Шүүхийн шийдвэрийн биелэлтэд шүүх хэрхэн хяналт тавьдаг, биелэгдэхгүй бол ямар арга хэмжээ авдаг талаар хадагтай Херта Дойблер Гмелин тодруулж асуусан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг ШШГЕГ-т бий. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүгч албадан биелүүлэх захирамж гаргадаг. Мөн ШШГЕГ-ын удирдлагуудад шат дараатайгаар албан бичиг хүргүүлдэг” хэмээн тайлбарлалаа. 
Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэрбээр “Би Монголд тав дахь удаагаа ирж байна. 2002 онд шүүхэд ажилласнаас хойш өнөөдөр дахин ирлээ. Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ. Орчин үеийн технологийг хангалттай нэвтрүүлсэн байна. Германд ч нэвтрүүлж амжаагүй технологи, ололтыг эндээс харлаа. Энэ ололтыг Германы шүүхэд нэвтрүүлэхээр ажиллах болно” гэж онцолсон юм.
 
     Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй уулзах үеэр ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монголын шүүхийг судлаад өндөр оноо өгснийг сонссон. Хараат бусаар ажилладаг, олон улсад нэр хүндтэй байгууллагын хийсэн судалгаа, дүгнэлттэй танилцсан. Өнөөдөр шүүхтэй танилцахад шүүх цахимжиж, бүрэн нээлттэй болсон нь батлагдлаа. Шүүхийн үйл ажиллагаа технологийн шинэчлэлээс гадна шүүгчдээс шалтгаалдаг. Монголд ажиллах үеэр улс төрийн хүрээнийхэн, зарим иргэний өгсөн мэдээлэл шүүхийн талаарх ойлголтод эргэлзээ төрүүлж байсан юм. Тухайлбал, шүүгчийн сонгон шалгаруулалт шударга бус, шүүгчид нөлөөнд автсан гэдэг мэдээлэл авсан. Мөн Монголын хууль тогтоомж тодорхойгүй учраас шүүх ойлгомжгүй шийдвэр гаргадаг, улс төрийн зүгээс шүүх эрх мэдэлд шахалт үзүүлдэг гэдэг яриа сонссон. Аль нь үнэн, аль нь худлаа гэдгийг Монголд ажиллах үеэр тодорхойлохыг хичээнэ. Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, бодит байдлыг ажиглахад Монголын шүүхэд маш их шинэчлэл хийсэн байна. Шүүхийн шийдвэр бүрэн нээлттэй болсныг shuuh.mn сайтаас мэдлээ. Энэ их ажлын талаар иргэд мэдээлэл багатай байна гэж үзлээ” гэсэн юм. 
 
     Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн хариуд нь “Шүүхийн шийдвэрийг ялагдсан, ялсан хүлээн авч, дүгнэлт хийх нь өөр өөр байдаг. Үүнээс болж шүүх, шүүгчийг хардах тохиолдол их. Гэхдээ шүүгч авлигаас ангид, хараат бус ажиллаж байгааг олон улсын байгууллагуудын судалгааны дүн харуулдаг. “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын “Авлигын индекс” судалгааны сүүлийн таван жилийн дүнгээс харахад авлигад өртөх магадлалтай байгууллагын тоонд шүүх ороогүй. Монголын шүүх нээлттэй, хүртээмжтэй, шударгаар иргэдэд үйлчилж байгаад итгэл төгс байдаг” гэлээ.