Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-05-18   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Шүүхтэй танилцах аян”-ыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран  тус дүүргийн 26, 59 дүгээр сургуулийн  төгсөх ангийн 45 сурагч, 2 багшийн хамт Захиргааны шүүхийн нэгдсэн байртай танилцав. 
 
 
Сурагчид энэхүү сургалтаар шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх хуралдааны танхим, “Нээлттэй танхим”, “Шүүхийн үйлчилгээний төв”, “Ногоон танхим” зэрэгтэй танилцаж, шүүхэд мэдүүлэх эрх зэргээр мэдээлэл авч эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн,  хуулийг  сахин биелүүлэх, зөв хэрэглэх ёс суртахуунд суралцан,  зөрчигдөж байгаа эрх,  хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг ОНХМ Ж.Амаржаргал өгсөн юм. Энэ үеэр  сурагчид “Шүүхтэй танилцаж, ерөнхий мэдлэгээ онол практикт тулгуурлан баяжуулж, мэдэж авсан үр дүнтэй сургалт болсонд сэтгэгдэл өндөр байна” хэмээж байв.