Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны хэргийн шүүх ямар маргааныг хянан шийдвэрлэх вэ?

2016-11-29   |   Админ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН  ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
 /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
                      
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
            1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж        
            2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Захиргааны ерөнхий хууль[2], Монгол Улсын шүүхийн тухай хууль[3], Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль[4], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.      
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА
5 дугаар зүйл. Захиргааны байгууллага
5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:
5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
5.1.3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
5.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.
5.2.Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.
5.3.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.
5.4.Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.
 
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН  ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
 /Шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
14 дүгээр зүйл.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
                        14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
                        14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 
14.2.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.
14.5.Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.
14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно.
14.7.Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй.
15 дугаар зүйл.Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал
15.1.Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.
16 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал
16.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу  захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
16.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
16.3.Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.
16.4.Улсын дээд шүүх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
16.5.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэнэ.
16.6.Хуульд заасан тохиолдолд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.