Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөг зохион байгуулав

2018-06-05   |   Админ

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн нийт шүүгч, албан хаагчдын хүүхдүүдээ өөрийн шүүхийн байранд хүлээн авч “Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар бяцхан багачууддаа баяр хүргэсэн юм. Энэ үеэр авьяаслаг багачууд маань дуу, шүлгийн уралдаанд оролцож, үеийн бяцхан найзууддаа мэндчилгээ дэвшүүлсэн бол гар зургийн уралдаанд оролцсон багачууд зургаа тайлбарлаж, бяцхан жаалуудаасаа үлгэрийн баатрууд шалгаруулж, өргөмжлөл, гарын бэлгээр шагнасан юм. Мөн шүүгч Д.Халиунаагийн охин бишгүүр хөгжмөөр тоглож, ирсэн зочдын сонорыг мялаав. Өдөрлөгийн төгсгөлд бяцхан багачууд маань ээж, аавынхаа ажилтай танилцаж, шүүх нийт хүрэлцэн ирсэн бяцхан үрсдээ тус шүүхийн тамгын газраас хүүхдийн баярын бэлэг гардуулав.