Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ноён уулын маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгав

2018-06-08   |   Админ

 
     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018 оны  06 дугаар сарын 07-ны өдөр / 14 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөв. 
 
     Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан тодруулсан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэв. 
 
     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Х.Болорчулуун, Г.Уянга, Н.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,  гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Б.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм.