Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

БНХАУ-ын төлөөлөгчид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зочлов

2018-06-15   |   Админ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөсөн юм. Энэхүү арга хэмжээнд оролцож илтгэл тавьсан БНХАУ-ын шүүхийн төлөөлөл болох зочид төлөөлөгчид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр зочилж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн үйлчилгээ, шүүх хуралдааны танхим, шүүхийн захиргааны  ажилчдын ажил байдалтай танилцлаа. 
 
 
 
Эдгээр төлөөлөгчдөөс БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хуралд БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо, бусад орны шүүгчдийг сургах үйл ажиллагаа, онцлогийн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.