Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?

2016-11-29   |   Админ

Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт буюу бичгээр болон амаар гаргасан шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй, явуулж буй үйл ажиллагааг хууль бус, тухайн актын улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, түүнийгээ хамгаалуулахаар тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхийг ойлгоно.  
Иргэн, хуулийн этгээд та захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа буюу харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тань хөндсөн гэж үзсэн тухайн захиргааны актыг гардаж авсан буюу мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг.
Таны өргөдөл, гомдлыг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь хүлээн авснаас хойш Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх, энэ хугацаанд хариу өгөх боломжгүй бол дахин 30 хоногийн хугацаагаар сунгаж, шийдвэрлэх ёстой юм.  
Хэрэв та захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаагүй, хандах боломжтой тохиолдолд шүүх таны нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нэг үндэслэл болохыг анхаарах хэрэгтэй.  
Захиргааны байгууллага, албан тушаалтан таны гомдлыг хүлээн авч хянан үзээд:
•       Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх; 
•       Маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох; 
•       Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах.  
•       Захиргааны актыг хэвээр үлдээх  
Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны дээрх шийдвэрүүдийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.