Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХБНГУ-ын төлөөлөл Захиргааны шүүхтэй танилцлаа

2018-06-25   |   Админ

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга, профессор Клаудиа Варнинг тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдөр танилцлаа.
 
 
Зочдыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар угтан авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулав. Зочид төлөөлөгчид тус шүүхийн “Иргэд өөртөө үйлчлэх хэсэг”, “Нээлттэй танхим” болон мэдээлэл лавлагааны үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр хадагтай Клаудиа Варнинг шүүхээр үйлчлүүлэгчид шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн эдлэх талаар боломжит бүх мэдээллээр хангасныг үнэлж байв. Мөн “Шүүхийн үйлчилгээний төв”, “Цахим хөтөч”, “Цахим зөвлөх” хэргийн оролцогчидтой уулзах хэсэг болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэгтэй танилцахдаа " Цахим үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын программыг монголчууд өөрсдөө хийж гүйцэтгэснийг сайшааж, программаа бусад улсуудад нэвтрүүлэхийг санал болгож байв. Шүүх хуралдааны "Green Hall” танхимд хэрэг маргааныг шийдвэрлэх, хэргийн оролцогчид тухтай байх боломжийг хангасныг мөн онцолсон юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа хадагтай Клаудиа Варнинг тэргүүтэй төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.