Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Клаудиа Варнинг: Монголын шүүх иргэндээ ойр, ил тод байна

2018-06-25   |   Админ

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга, профессор Клаудиа Варнинг тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.06.22) танилцлаа.
 
 
Иргэд өөртөө үйлчлэх хэсэг, нээлттэй танхимын хэсэг болон мэдээлэл лавлагааны үйл ажиллагаатай танилцахдаа хадагтай Клаудиа Варнинг шүүхээр үйлчлүүлэгчид шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн эдлэх талаар боломжит бүх мэдээллээр хангасныг үнэлж байв. Шүүхийн үйлчилгээний төв дэх цахим хөтөч, цахим зөвлөх, хэргийн оролцогчидтой уулзах хэсэг болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэгтэй танилцахдаа "Иргэдтэй ойр байх, үйлчилгээг хялбаршуулахад бусад улсуудаас дэвшилттэй, туршлага судлуулах хэмжээнд ажиллаж байна” хэмээн онцолсон юм. Цахим үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын программыг монголчууд өөрсдөө хийж гүйцэтгэснийг сайшааж, программаа бусад улсуудад нэвтрүүлэхийг санал болгож байв. Шүүх хуралдааны "Green Hall” танхимд хэрэг маргааныг шийдвэрлэх, хэргийн оролцогчид тухтай байх боломжийг хангасныг мөн онцолсон юм.
 
Клаудиа Варнинг: Монгол шиг шинэчлэл хийсэн улс цөөн
 
 
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа хадагтай Клаудиа Варнинг тэргүүтэй төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шүүхэд хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад сүүлийн таван жил шүүхийн шинэчлэл өрнөсөн. Монголчууд хараат бус шүүхгүйгээр хөгжил дэвшил ирэхгүй гэдэгт итгэл үнэмшилтэй болж байгаа. ХБНГУ-аас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр шүүхийг цахимжуулахад том хувь нэмэр оруулсан. "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд шүүх, хуулийн байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай болж, үйлчилгээний байгууллага болоход бодит алхам хийлээ. Мөн дээрх байгууллагууд цахимжих том суурь бүрдсэн. Бидэнд хийх ажил хийснээсээ их байна” гэв.
 
Хадагтай Клаудиа Варнинг "Шүүх ил тод, иргэдэд ойр байх нь ардчиллын суурь. Хүн бүр эрхээ яаж эдлэх, хэрхэн хамгаалуулахаа мэдэх нь чухал. Монгол Улсын шүүх иргэдтэйгээ ойр байхад том шинэчлэл хийжээ. Иргэндээ ойртсон, үйлчилгээний шинэчлэл хийсэн улс цөөхөн байдаг. Тиймээс танай улсад хийсэн шүүхийн шинэчлэлээс туршлага судлах шаардлага олон улсад бий. Шүүх эрх мэдэл бие даасан, ил тод байх нь улсын хөгжилд нөлөөлдөг” гээд Монгол Улсын шүүхийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
 
Н.Лүндэндорж: Шүүгчдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна
 
 
Хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалтад оролцогчид санал солилцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гол зорилт шүүгчдийг сургах, хөгжүүлэх байдаг. Шүүгчдийн салбар дундын мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллах саналтай байна” гэсэн юм. Бизнесийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа ХЗДХЯ-ны Захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн хэллээ.
 
Хадагтай Клаудиа Варнинг "Эрх зүй нь тогтвортой орчинд шүүх ажлаа сайн хийх нь тухайн улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Тиймээс шүүгчдийн хөгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн боловсролын дээшлүүлэх саналыг талархан хүлээж авч байна” гээд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд саналыг уламжилж, хариу мэдэгдэхээ илэрхийлэв. 
 
ХБНГУ-ын төлөөлөгчдийн багт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга Барбара Ойллэр, мэргэжилтэн Кристиан Гласс, Даниел Пассон нар багтсан юм. ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин 2018 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа "Монголын шүүхэд орчин үеийн технологийг хангалттай нэвтрүүлсэн байна. Германд ч нэвтрүүлж амжаагүй технологи, ололтыг эндээс харлаа. Энэ ололтыг Германы шүүхэд нэвтрүүлэхээр ажиллах болно” хэмээсэн билээ.
 
 
 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс