Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөв

2018-09-07   |   Админ

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж өндөрлөв.
Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. 
Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, хэлсэн үгэндээ "Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл гэж хүлээж аваарай. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэлээ.
 
 
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.