Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Сурагчид шүүхтэй танилцав

2018-10-26   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Шүүхтэй танилцах аян”-ыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаад Логарифм сургуулийн  9 дүгээр ангийн сурагчид тус шүүхтэй танилцахаар зочлов. 
Сурагчид шүүхтэй танилцах аянаа “Нээлттэй танхим”, “Шүүхийн үйлчилгээний төв”-тэй танилцахаас эхэлсэн юм. Сурагчдын хувьд Захиргааны шүүхийн онцлог, шүүх хуралдааны танхимтай танилцаж, шүүхэд мэдүүлэх эрх зэрэг олон талын мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авч харилцан санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр ОНХМ Ж.Амаржаргал шүүхийн шинэчлэл, хуулийг  сахин биелүүлэх, зөв хэрэглэх ёс суртахуун, зөрчигдөж байгаа эрх,  хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг сурагчдад өгсөн юм. Сурагчид “Дагнасан шүүхийн ялгаа, шүүхийн шинэчлэлтэй танилцаж, хууль, эрх зүйн олон талын мэдээлэл олж авсан үр дүнтэй сургалт болсонд сэтгэгдэл өндөр байгаагаа” шүүхтэй танилцах үеэрээ хэлж байв.