Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүн таслах ажлын тайлан мэдээ

2018-10-30   |   Админ

Газар, төрийн албаны болон ашигт малтмалын маргаан нийт шийдвэрлэсэн хэрэг маргааны 48,7%-ийг эзэлж байна
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар улиралд шинээр 1349 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 634 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор газрын маргаантай хэрэг 137  буюу 22%, төрийн албаны маргаан 86 буюу 13,5%,  ашигт малтмалын маргаантай хэрэг 84 буюу 13,2%-ийг тус тус  эзэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 төрлийн маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 48,7 %-ийг эзэлж байна.
 
Шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн байдал:
Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнийг судлан үзвэл  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр 397 хэрэг маргааныг  /шүүхийн шийдвэрээр / шийдвэрлэсэн байна. Энэ нь бүх шийдсэн хэргийн 62.6%-ийг эзэлж байгаа бол 54 хэрэг маргаан буюу 8,5%-д нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
Нийт 634 хэргээс 183 буюу 28,8%-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.  
 
Улсын төсөвт 102.373.369 төгрөгийн орлогыг
оруулсан байна
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар улиралд улсын тэмдэгтийн хураамжид нийт 102.373.369 төгрөгийн хураамж төсвийн орлогод оруулсан байна.