Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, Вакцинжуулалтын аян зохион байгуулав

2018-11-06   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нийт шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагчдын эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх эрүүл мэндийг үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулдаг уламжлалтай. Энэ удаад ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аяныг амжилттай зохион байгууллаа. 
ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн их эмч, профессор Х.Энхцэцэг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 үндсэн арга байдаг.
  • Өвөрмөц
  • Өвөрмөц бус
Өвөрмөц: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг бүс нутаг бүрт томуугийн вирусийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг. Зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг. Томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг жил бүрийн  09-11 дүгээр сард хийдэг. 
Өвөрмөц бус: Хувь хүний эрүүл мэндийн боловсролтой шууд хамаатай. Бидний мэддэг энгийн ариун цэврийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс гарын ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай.
 
1. Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч олон хүн цугласан газраар явахгүй байх,
2. Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
3. Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах дохио, суга руугаа ханилгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих, 
4. Нүд, ам, хамар нь томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
5. Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
6. Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
7. Томуу, томуу төст өвчний шинж илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчлэхгүй байх нь иргэн та өөрийгөө хамгаалж байгаа хамгийн чухал арга юм.