Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Түүхэн товчоон

2016-11-23   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх


           Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсаны дагуу Улсын Их Хурлаас  2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад  анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж , тэдгээрийн зөрчигдсан эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар зарлигаар Х.Батсүрэн, Н.Дуламсүрэн, А.Отгонцэцэг, Ц.Цогт, Л.Амарсанаа, Т.Энхмаа нарыг шүүгчээр томилж, 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Дээд Шүүхийн хуралдааны танхимд шүүгчийн тангараг өргөснөөр “ Нийслэлийн “ хэмээх тодотголтой Захиргааны хэргийн шүүх үүд хаалгаа нээж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
 
 Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Төрийн өмчийн 7 дугаар байрны нэгдүгээр давхарын 169.9 м.кв талбайтай хэсгийг Нийгмийн даатгалын газраас түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэлт” төслийн санхүүжилтээр их засвар хийж, 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр  шинэ байрны нээлтээ ёслол төгөлдөр хийж байжээ.
 
 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх байгуулах тухай“ Монгол Улсын хуулиар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийг нэршлийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн  “ Шүүх байгуулах тухай “  Монгол Улсын хуулиар Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэж иржээ.
 
 Тус шүүх нь түүхэн хөгжлийн явцад хүний нөөц, санхүү, менежментийн хувьд бэхэжсэн, орчин үеийн цахимжсан шүүх болон төлөвшин хөгжиж ирсэн бөгөөд одоо тус шүүх нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 20, Тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 17, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 17, шүүхийн захиргааны болон үйлчилгээний  бусад ажилтныг оролцуулан нийт 75 орон тоотойгоор  Нийслэлийн 9 дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байна.
 
 Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Дамдиндорж /2004-2011 он/ , Х.Батсүрэн /2011-2012 он/ , Ц Батсүрэн 2012 оноос одоог хүртэл/ ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн Тамгын газар, хэлтсийн даргаар Д.Энхбаатар /2004-2013 он хүртэл/, Н.Батхүү  /2013-2017 он хүртэл/, Д.Ганбаатар  2017 оны 01 сараас томилогдон  ажиллаж байна.
 
 Түүхэн хөгжлийн 12 гаруй жилийн хугацаанд тус шүүхээр үйлчлүүлж, эрхээ  хамгаалуулах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга улам өргөжиж ирлээ. Тухайлбал 2004 онд зөрчигдсөн  эрхээ хамгаалуулахаар гаргасан  иргэд, хуулийн этгээдийн  160 нэхэмжлэлийг  хүлээн авч, 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2015 онд иргэд, хуулийн этгээдээс 1425 нэхэмжлэлийг хүлээн авч, 926 захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.
 
 Тус шүүх нь жилд дунджаар  920-1100 орчим захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд  Монгол Улсын  захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг,маргааны 60 гаруй хувийг дангаараа шийдвэрлэж байна.
 
 Тус шүүх нь 2005 онд улсын хэмжээнд шүүн таслах ажлаараа тэргүүлж, 2009 онд “Шилдэг менежменттэй шүүх”-ээр шалгарч байсан нь тус шүүхийн үе үеийн хамт олны ажил, үйлсийг илтгэх нэгэн үзүүлэлт юм.
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар УДШ, ШЕЗ-өөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах / хуучнаар Гаалийн ерөнхий газрын байр/ 4300 м.кв  талбай бүхий конторын барилгыг Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны зориулалтаар шилжүүлэн өгсөн нь шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцлийг хангасан чухал үйл явдал боллоо.
 
 Шүүхийн тухай хуульд шүүгчийг  томилолтоор ажиллуулах эрх зүйн зохицуулалт бий болсноор Шүүхийн Еөнхий зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 63 дугаар тогтоолоор тус шүүхэд  Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Ховд аймгаас 5 шүүгчийг 6 сарын хугацаагаар томилолтоор ажиллуулсан нь тус шүүхийн ажлын ачаалалыг бууруулах, улмаар томилолтоор ажиллаж байгаа шүүгч нар өөрсдийн шүүн таслах ажлын дадлага, туршлагаа дээшлүүлэх,  өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
 
 Тус шүүх нь түүхэн хөгжлийн 12  гаруй жилийн хугацаанд иргэдийн эрэлт хэрэгцээтэй шүүх болон төлөвшиж, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэргэлээний практик, жишиг болж тогтсон, түүнчлэн тус шүүх нь шүүхийн тогтолцоонд баттай байр суурийг эзэлж, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд бодитой  хувь нэмэр оруулж байна.
 
 Монгол Улсын Их хурлаас 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн шинэлчилсэн найруулгыг 16 бүлэг, 138 зүйлтэйгээр баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн эхэлжээ. Шинэ хуулийн гол үзэл баримтлал нь шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлж байгаа иргэд, олон нийтэд хамгийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх явдал байсан. Багцлаад дурдвал:
 
Нэгд, иргэдийн захиргааны хэргийн шүүхэд хандах боломжийг өргөтгөсөн. Үүнд: зөвхөн иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд ханддаг байсныг өргөтгөж, нийтийн эрх ашгийг төрийн бус байгууллага хамгаалах боломжийг нээсний зэрэгцээ эрх мэдлийн хувьд бие биендээ хамаарахгүй зарим захиргааны байгууллага шүүхэд хандах боломжийг баталгаажуулсан. Мөн захиргааны төлөвлөлт, хэм хэмжээ тогтоосон актын хувьд эрх нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой болсон. Мөн захиргааны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
 
Хоёрдугаарт, маргааныхаа онцлогт тохирсон хянан шийдвэрлэх ажиллагааг анх удаа журамлалаа. Үүнийг “Тусгай журмаар шийдвэрлэх маргаан” гэж нэрлэсэн. Үүнд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхээр, харин ИТХ-ын сонгуулийн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ бусад захиргааны хэргээс богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд шийдвэрлэхээр тусгайлан заасан. Тендерийн хувьд мөн адил хугацаанд шийдвэрлэхээр хуульчиллаа.  
 
Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шалтгаангүй удаашруулж байсан зарим зүйлийг халлаа. Шүүхийн шийдвэр ач холбогдолтой цаг хугацаандаа гарах нь зөрчигдсөн эрх сэргэх, нийгмийн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай. Энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж, тогтоолоос зайлшгүйд нь гомдол гаргаж, шаардлагагүй хэсгийг хаслаа. Жишээ нь, шүүх хуралдаан хойшилоход хэргийн оролцогч гомдол гаргадаг. Хэрэг давж заалдах шатны шүүхрүү яваад, тэнд шийдвэрлэгдээд ирэх хүртэлх хугацаа нь нөгөө хойшилсон хугацаанаас илүү байхаар байхад оролцогч зүгээр хугацаа хожихын тулд ийм зүйл хийдэг байсныг халав. 
Мөн “Урьдчилсан хэлэлцүүлэг” гэсэн шинэ ажиллагааг оруулж ирсэнээр шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг үндэслэн товлох журмыг тогтоолоо. Ингэснээр шүүхийн тогтоосон өдөр бус, өөрсдийн тогтоосон өдөр шүүх хурлаа явуулах, шүүх болон хэргийн бусад оролцогчийг чирэгдүүлэхгүй байх тааламжтай нөхцөл бүрдэх зэргээр Захиргааны хэргийн шүүх шинэ хуулийн зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулж байна.