Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0739 шийдвэр
Хүчин төгөлдөр эсэх: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын агуулга: “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ-ын мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийн талаар
“Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2024.2.19-ний өдрийн 673 дугаар дүгнэлттэй маргасан.
“Допингийн эсрэг төв” НҮТББ-ын дүрэм, үүсгэн байгуулагчид болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг 2017.2.23-ны өдөр, “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” болж нэр өөрчлөгдсөн болон бусад өөрчлөлтүүдийг 2019.10.24, 2019.10.26, 2020.7.03, 2022.3.31, 2022.4.06, 2023.10.25, 2023.11.13-ны өдрүүдэд тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Улсын байцаагч маргаан бүхий дүгнэлтээр “2017.2.01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан 2 хүний гарын үсэг хуурамч, хурлын тэмдэглэл авагдаагүй” үндэслэлээр 2017.2.23-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүйн дээр тухайн хугацаанаас хойших бүртгэлүүдийг бүхэлд нь ямарваа үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, хурлын тэмдэглэл нь үүсгэн байгуулах баримт бичгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах мэдүүлэгт хавсаргах бүрдүүлбэрийн нэг хэсэг бөгөөд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл биш, түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдээгүй мөрдөх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй.
Мөн хяналт шалгалтын үндсэн дээр гаргах шийдвэрийн “бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” төрлүүдийг бодит нөхцөл байдал, хууль зүйн үр дагаврыг харгалзан хэрэглээгүйгээс тус байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойгүй болгох сөрөг үр дагаварыг бий болгосон. Энэ нь олон улсын конвенциор гишүүн улсын хүлээсэн үүргийн хүрээнд, Засгийн газраас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан чиг үүргийн дагуу тус байгууллагаас 2017 оноос хойших хугацаанд Монгол Улсад болон олон улсын уралдаан тэмцээнд авсан допингийн хяналтын шинжилгээний үр дүнд эргэлзэх, хүчингүй болгуулахаар маргах шалтгаан үүсгэх үр дагавар бий болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч гэх шинжээчийн дүгнэлт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний эцэст тухайн хуурамч баримтыг үндэслэж бүртгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлд өөрчлөлт оруулах, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/17197?daterange=2024-09-24%20-%202024-09-24&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна