Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Монгол Улсын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэж хуульчлан баталсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийг 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн албанд бүртгүүлж 919278 дугаар регистр, 21/20166 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар зарлигаар Х.Батсүрэн, Н.Дуламсүрэн, А.Отгонцэцэг, Ц.Цогт, Л.Амарсанаа, Т.Энхмаа нарыг шүүгчээр томилж, 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Дээд Шүүхийн хуралдааны танхимд шүүгчийн тангараг өргөснөөр “Нийслэлийн“ хэмээх тодотголтой Захиргааны хэргийн шүүх үүд хаалгаа нээж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийг нэршлийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Д.Энхбаатарыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр зарлигаар Д.Дамдиндоржийг Ерөнхий шүүгчээр тус тус томилж байжээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Дамдиндорж /2004-2011 он/, Х.Батсүрэн /2011-2012 он/, Ц.Батсүрэн /2012-2022 он/ тус тус ажиллаж байсан ба Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн нь 2022.09.16-ны өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Анхны нэхэмжлэлийг 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан бол анхны шийдвэрийг 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Түүхэн хөгжлийн 20 жилийн хугацаанд тус шүүхээр үйлчлүүлж, эрхээ хамгаалуулах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга улам өргөжиж иржээ.
Тухайлбал 2004 онд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан иргэд, хуулийн этгээдийн 160 нэхэмжлэлийг хүлээн авч, 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2024 онд иргэд, хуулийн этгээдээс 1601 нэхэмжлэл хүлээн авч, 1218 захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.
Тус шүүх нь жилд дунджаар 65 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлж, 920-1100 орчим захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг ба өнгөрсөн хугацаанд иргэдийн эрэлт хэрэгцээтэй шүүх болон төлөвшиж, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэрэглээний практик, жишиг болж тогтсон төдийгүй шүүхийн тогтолцоонд баттай байр суурийг эзэлж, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлст бодитой хувь нэмэр оруулж байна.