МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАС:
85 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газар
85.1.Шүүх нь Тамгын газартай байна.
85.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.
85.3.Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.
85.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.
85.5.Шүүхийн Тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
86 дугаар зүйл.Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг
86.1.Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
86.1.1.энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
86.1.2.шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
86.1.3.шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
86.1.4.шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
86.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
86.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;
86.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;
86.1.8.тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;
86.1.9.иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;
86.1.10.хуульд заасан бусад.
86.2.Шүүх хуралдааны тэмдэглэлийг мэдээллийн технологи ашиглан хөтөлж болно.
87 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрх
87.1.Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
87.1.1.шүүхийн Тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;
87.1.2.шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;
87.1.3.шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
87.1.4.шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах;
87.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
87.2.Шүүхийн Тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
87.3.Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.
Шүүхийн Тамгын газар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн зохион байгуулалт, захиргаа, хүний нөөцийг удирдах, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, шүүгчдийг мэдээллээр хангах, олон нийттэй харилцах чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн Тамгын хэлтэс, газрын даргаар Д.Энхбаатар /2004-2013/, Н.Батхүү /2013-2017/, Д.Ганбаатар /2017-2020/, Н.Батхүү 2020.05.01-ний өдрөөс томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Тамгын газар нь анх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2003 оны 38 дугаар тогтоолоор Тамгын хэлтсийн дарга 1, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний нийт 20 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2024 оны байдлаар Зохион байгуулалтын хэлтэс болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хоёр хэлтэстэй, төрийн захиргааны 48, төрийн үйлчилгээний 21, нийт 69 ажилтантай болж өргөжсөн байна.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ (2025 ОН)

Тус шүүхийн Тамгын газар нь түүхэн хөгжлийн явцад хэргийн хөдөлгөөнөөр манлайлсан, хүний нөөц, санхүү, менежментийн хувьд бэхэжсэн, орчин үеийн цахимжсан шүүх болон төлөвшин, хөгжсөөр байна.
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн зохион байгуулалт, захиргаа, хүний нөөцийг удирдах, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, олон нийттэй харилцах чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах шагнал урамшууллыг хүртэж байсан нь тус шүүхийн үе үеийн хамт олны ажил, үйлсийг илтгэх чухал үзүүлэлт юм. Үүнд:
2005 онд улсын хэмжээнд шүүн таслах ажлаараа “Тэргүүн” байр,
2009 онд “Шилдэг менежменттэй шүүх”,
2013 онд “Шилдэг шүүх”,
2017 онд “Шинийг санаачлагч шүүх”,
2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан “Санаачилга” уралдаанд “Тэргүүн” байр,
2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байр,
2021 онд “Дэд” байр,
2024 онд “Шилдэг менежменттэй Тамгын газар”