Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/9819
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Г.Ж-аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Г.Ж миний өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг надад мэдэгдэлгүйгээр өөр этгээдийн өмчлөлд бүртгэснийг хууль бус” гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг иргэн Ё.Б-ын өмчлөлд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байсныг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэжээ.
Ингэхдээ “иргэн Ё.Б болон “ЛЭХ” ХХК-ийн хооронд 2013 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасан тохиролцооны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ё.Б-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ201/01819 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2018 оны 3037 дугаар захирамж, 181/ГХ2017/0282 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу Ё.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх тухай удаа дараа албан бичгүүдийг үндэслэжээ.
Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолд “...тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарласан иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
Иймд нэхэмжлэгч иргэн Г.Ж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааны үр дүнд хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул