Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.05-ны өдрийн 128/ШШ2025/0603
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ХХ/ҮҮ дугаартай Савласан цэвэр ус, төрөл бүрийн ундаа, шүүсний үйлдвэр, цехэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М нь “АИХ” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
“АИХ” ХХК-ийн үйлдвэрлэдэг КК цэвэр усны шошго дээр “КК усны ач тус: цусны даралтыг сааруулна, ясны төлжилтөд сайн, илүү бат бөх ус, хүчиллэгийг бууруулдаг, зүрхний зохилтыг тогтворжуулна, сэтгэлийн сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлдэг, биеийн өөхийг зохицуулдаг, артритийг арилгана, арьсны тэжээлийг ихэсгэдэг, биеийн идэвхт байдлыг нэмэгдүүлдэг MNS 5007-2007” гэж бичигдсэн.
Улмаар улсын байцаагчаас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ХХХХ дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч “АИХ” ХХК-ийг шошгын мэдээлэл шаардлага хангаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгожээ.
Учир нь, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар аливаа хүнсний бүтээгдэхүүний шошгод тухайн бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар байхаар, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 дугаартай стандартын 5.13.1.1-д “Эрүүл мэндийн мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байхаар заасан.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “АИХ” компанийн савлан худалдаалдаг КК нэртэй усны шошгод ямар нэг цувралын дугаар бичигдээгүй, “КК усны ач тус” гэх эрүүл мэндийн мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байх шаардлагыг хангаагүй, мөн түүнчлэн Монгол Улсад хүчингүй болсон стандарт болох MNS 5007-2007 гэх стандартыг бичсэн болох нь тогтоогдсон.
Иймд “АИХ” ХХК-ийн савлан худалдаалдаг КК цэвэр усны шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар тогтоосон холбогдох шаардлагуудад нийцээгүй байх тул шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.
|
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/19084?daterange=2025-01-01%20-%202026-01-21&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ