
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.10.01-ний өдрийн 128/ШШ2025/0671
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Нэхэмжлэгч Г.У-ээс Нийслэлийн орон сууц өмчлөх товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0009529 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчээс “... хариуцагч Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр Баянгол дүүрэгт байршилтай орон сууцыг Г.У-т хувьчилж, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нарыг бүртгэсэн 1997 оны гэрчилгээг илт хууль бус” гэж маргадаг боловч анх маргаан бүхий орон сууцыг хувьчлахаар 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргасан байх бөгөөд тус өргөдөлд хамтран эзэмших эрхтэй гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нар бичигдсэн, мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын Хотын орон сууц хувьчлах товчоонд гаргасан тодорхойлолтод Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцанд оршин суугч Г.У нь ам бүл 4 болохыг тодорхойлсон байдаг.
Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны шийдвэрээр Г.Уг болон Г.Ц нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.Ц-г хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд эдгээр үйл баримтуудтай маргаангүй.
Шүүхээс маргаан бүхий орон сууцыг хувьчлахаар 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, ам бүлийн тоо 4 гэсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий орон сууцыг 4 хүний нэр дээр бүртгэсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн.
Учир нь, орон сууц хувьчлах өргөдөлд Г.Ц, Г.А нарын нэрийг бичүүлэхээр өргөдөл гаргасныг, тэдний нэрийг оруулж гэрчилгээ олгосныг эс зөвшөөрч байгаа талаар 1997 оноос хойш эрх бүхий албан тушаалтанд хандаж бодитоор тус байранд тухайн үед амьдардаггүй хүмүүсийг орон сууц хувьчлах өргөдөлд тусгаж, орон сууц эзэмшигчээр бүртгүүлснийг өөрчлүүлэх талаар буюу тус орон сууц эзэмшигчээр зөвхөн өөрөө бүртгэгдэх байсан гэж, мөн хамтран эзэмшигчийн хасаж, өөрчлүүлэхээр талаар хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, мөн ам бүлийн тоо 4 гэж тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууц хувьчлахтай холбоотой захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй байна.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, эсхүл гаргасан актыг бодит байдалд хандсан этгээд нь биелүүлэх боломжгүй нь дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзэхээр байх тул хариуцагч Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр Баянгол дүүрэгт байршилтай орон сууцыг Г.У-т хувьчилж, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нарыг бүртгэсэн 1997 оны гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/19413?daterange=2025-10-01%20-%202025-10-01&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням