
Шүүгчийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.01.20-ны өдрийн 128/ШШ2026/0097
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаас 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0877351 дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ийн, 0877352 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т У” ХХК-ийн “барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн” зөрчилд тус бүр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
“А” ХХК нь шийтгэлийн хуудсыг “... Барилгын ажлыг гүйцэтгэх зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд арга хэмжээ авсан, нэг удирдлага бүхий гүйцэтгэгч, захиалагч 2 хуулийн этгээдэд ижил агуулгаар шийтгэл ногдуулсан нь хууль зүйн хариуцлагыг давхардуулан ногдуулсан нь хууль бус” гэх агуулгаар эс зөвшөөрч маргасан.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон “А” ХХК-ийн эзэмшлийн 660 м.кв талбай бүхий газар дээр “Т У” ХХК нь барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн үйл баримттай маргаагүй, дээрх 2 хуулийн этгээд нь нэг эзэнтэй хэмээн тайлбарласан.
Энэ тохиолдолд “А” ХХК нь зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын захиалагч эсэх нь тодорхой бус буюу тухайн барилгад хөрөнгө оруулсан эсэх, эсхүл “Т У” ХХК-тай барилга бариулах гэрээ байгуулсан эсэх, барилгын зураг төсөл боловсруулж батлуулсан эсэх, холбогдох төсөв гаргасан эсэх, техникийн нөхцөлүүд авсан эсэх нь тодорхойгүйн зэрэгцээ хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудаст “Холбогдогч “А” ХХК-ийн үйлдсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 12.2.1-д заасны дагуу ...” гэж, 02-00-007/37 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаварт “... Зөрчлийн тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг…” гэж бичсэн нь өөр хоорондоо зөрүүтэй, Зөрчлийн тухай хуулийн аль зүйл заалтаар шийтгэл оногдуулсан болохыг тодорхойлох боломжгүй байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн холбогдох заалтуудын дагуу барилгын ажлын захиалагч нь тухайн барилгад хөрөнгө оруулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн этгээд байхаар байхад эрх албан тушаалтан нь барилгын захиалагчийг тодруулахтай холбоотой баримтуудыг цуглуулаагүй, хуулийн хэддүгээр зүйлийн хэд дэх заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, “А” ХХК нь барилга баригдаж буй газрыг эзэмшиж байгаа нь тухайн барилгын захиалагч гэж шууд дүгнэх, улмаар захиалагчид хуулиар ногдуулсан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.
Иймд Эрх бүхий албан тушаалтан нь дээр дурдсан тухайн барилгын захиалагчийг тодруулах ажиллагааг хэрэгжүүлсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах эсэхийг шийдвэрлэх, хэрэв зөрчил үйлдэгдсэн гэж үзвэл шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу зөв бичих нь зүйтэй байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагчийн 0877351 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/19849?daterange=2026-01-01%20-%202026-02-09&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул