Шийдвэрийн огноо, дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 128/ШШ2026/0078 дугаартай шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Гуравдагч этгээд “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл, холбогдох баримтын хамт гаргасныг хүлээн авч, бүртгэжээ.
Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд хуулийн этгээдийн нэрийг монголын болон мэргэжлийн гэсэн үгээр ялгахыг хориглосон, манай байгууллагын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарыг сурталчлах зэрэг үйл ажиллагаатай гуравдагч этгээдийн чиг үүрэг давхцаж байгаа зэргээс нэрийн баталгаажуулалт нь төөрөгдөл үүсгэж, манай хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн” гэж тус тус маргажээ.
Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд зааснаар улсын бүртгэлийн байгууллага холбоо, сангийн нэрийг мэргэжлийн гэх үгээр ялгах, мэргэжлийн гэх үг нь нийтийг төлөөлсөн утгаар илэрхийлэгдэж байгаа тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй гэж үзэж, мэргэжлийн гэх үг орсон оноосон нэрээр хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхгүй байхаар журамласан байна.
Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн нэрийн “мэргэжлийн” гэх үг нь олон нийтийг төлөөлсөн агуулгаар бус аялал жуулчлалын салбарт мэргэшсэн, энэ салбарын мэргэжлийн байгууллага байх агуулгаар тодорхойлсон гэж үзэхээр байх тул нийтэд төөрөгдүүлсэн буюу нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн нэртэй ижил, төсөөтэй байдлаар хэрэглэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохын хувьд энэ салбарт Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт семинар, уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах эрх аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад нээлттэй тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, чиг үүргийг тухайлсан нэг этгээд хэрэгжүүлэх эрхтэй гэх байдлаар тайлбарлах боломжгүй, зөвхөн эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх эрхтэй бусад нь болохгүй гэж хязгаарлах үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг