Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.09.07-ны өдрийн 128/ШЗ2023/7268
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024.01.29 Процессын тойм-1
Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ХХ дугаар дүгнэлтээр иргэн Б-ээс гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор Л нь прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг шалгаад түүнийг зөрчил гаргаагүй гэж шийдвэрлэжээ.
Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч иргэн Б-ээс Улсын ерөнхий прокурорт хандан Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
Улмаар Прокурорын ёс зүйн зөвлөлөөс иргэн Б-д “... Улсын ерөнхий прокурор танаас гаргасан Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авч танилцаад зөвлөлийн даргад хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл бий эсэхийг шийдвэрлэхийг даалгасан ... Зөвлөл хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байна” гэх агуулга бүхий хариуг өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд зааснаар “Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй”, “Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана”, “Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэжээ.
Дээрх журмаас үзэхэд, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Улсын ерөнхий прокурор хянан шийдвэрлэхээр, харин Улсын ерөнхий прокурорын шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд “хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл бий эсэхийг шийдвэрлэхийг даалгасан” гэх хариуг Улсын ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэхгүй, тиймээс тус дүгнэлтэд холбогдуулан гомдол гаргагчаас гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурор хянаж, тодорхой шийдвэр гаргаагүй байгаа энэ тохиолдолд шүүх Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар иргэн Б-ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.
Иймд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ