Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах зорилгоор жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон орон даяар зохион байгуулагддаг "ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР-2024" өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн өдөрлөгт Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэл, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, өмгөөллийн Легал гайд ХХН, Эм Жи Эл атторнейс ХХН, МУИС ХЗС-ийн Практик сургалтын төв, Шихихутаг их сургууль, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд болон бусад хууль, төрийн байгууллагуудын төлөөлөл болох 20 гаран байгууллага оролцож өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй хүргэлээ.

Тус өдөрлөгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс иргэдэд захиргааны хэргийн шүүхийн талаарх ойлголт, харьяалан хянан шийдвэрлэдэг маргааны төрөл, онцлог, захиргааны хэргийн шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, ямар баримтууд бүрдүүлэх болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээллийг хүргэж, иргэдээс шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултад хариулж, чиглэл өгч, танилцуулга, гарын авлага тарааж ажиллалаа.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР