Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг цувралаар хүргэж байна.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРЧ ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ОНОВЧТОЙ БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ НЬ
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Ном зүй
Түлхүүр үг
Захиргааны байгууллагын нэхэмжлэл гаргах эрх, төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрөх, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны байгууллагын нэхэмжлэлийг шүүхэд хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа
Хураангуй
Төрийн захиргааны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг төрийн албатай холбогдон гарсан маргааны нэг тал болох захиргааны байгууллагаас эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ТАтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.6-д ”Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэж, түүнчлэн ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.4.”захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн”; тохиолдолд нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр заасантай нийцэж байгаа эсэх талаар судлах шаардлагатай сэдэв гэж үзсэн. ТАЗ-ийн шийдвэр нь шүүхийн өмнөх шатанд маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн “заавал биелэгдэх” шинжийг агуулдаг. Гэтэл ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3-т төрийн захиргааны байгууллага нь ТАЗ-ийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь бас тусгагдан. Ийнхүү төрийн албаны зарим төрлийн маргааныг шийдвэрлэхэд мөрдөгдөх зохицуулалт, түүний хэрэглээтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох ТАЗ-ийн шийдвэр нь заавал биелэгдэхээр хуульчлагдсан нь шүүхийн практикт энэ төрлийн маргааныг хүлээн авч шийдвэрлэхэд зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Захиргааны байгууллага чиг үүрэгт нь хамаарах, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн ... шийдвэр гаргадаг, уг шийдвэртэй холбогдуулан гарсан гомдлын дагуу маргааныг дээд шатны эсхүл гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага урьдчилан шийдвэрлэсэн шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар шүүхийн практик судлан хүргэж байна.
- Удиртгал
Монгол улсын шинэ ардчилсан Үндсэн хууль[1] (1992 он)-д эрүү, иргэний шүүхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрлөөр дагнасан шүүх байгуулж болох тухай анх удаа тусган хуульчилснаар захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдах эрх зүйн суурь үндэс тавигдсан. Монгол Улсад эрх зүйн томоохон шинэчлэл явагдсаны дотор 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдан, 2004 онд Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан явдал бөгөөд 2015 онд Захиргааны ерөнхий хууль[2] (цаашид ЗЕХ гэх), Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль[3] (цаашид ЗХШХШтХ гэх) тус тус батлагдан захиргааны эрх зүйн харилцааг бүхэлд нь нэгтгэн зохицуулах нөхцөл бүрдсэн. Ингэснээр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн хууль бус шийдвэрийн улмаас аливаа хүн, хуулийн этгээдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой болсон.
Нийгмийн харилцаа хөгжихийн хирээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль хэрэглээний явцад зарим зохицуулалтыг өөрчлөх зэрэг бодит хэрэгцээ шаардлага үүсч бий болдог. Захиргааны үйл ажиллагаа, шийдвэрт тавих хяналт, уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтаар хязгаарлагдахгүй гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын оролцоо бүхий тогтолцоогоор дамжин хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл (цаашид ТАЗ гэх)-ийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг захиргааны байгууллага эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зарим шүүгч хүлээн авахаас татгалзаж, зарим нь хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийн зохицуулалт тодорхой бус байгаатай холбоотой гэж үзэхэд хүргэж байна. Үүнээс үүдэн Захиргааны хэргийн шүүхэд энэ талаар нэгдсэн практик хараахан тогтож чадахгүй байгаа талаар судлан хэрхэн шийдвэрлэх боломжтой байгаа талаар өөрийн саналыг хуваалцах зорилгоор энэхүү өгүүллийг толилуулж байна.
- Үндсэн хэсэг
Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өнөөгийн тогтолцооноос үзвэл захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хуульд заасан тохиолдолд заавал захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байхаар хуульчлагдсан. Энэ нь захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ба захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн хоёр үе шаттай байна[4] гэсэн үг юм. Иргэдийн гомдлын дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянах хяналтыг захиргааны эрх зүйн зарим эрдэмтэд “дотоод ба гадаад”[5] гэж ангилсан бөгөөд тухайн захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллага хэрэгжүүлж байгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь энэхүү ангиллын дотоод хяналтын хэлбэрт хамаарахаар байна.
2016 онд батлагдсан ЗХШХтХ-ийн 14 дүгээр зүйл болон 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус захиргааны шийдвэрийн талаарх гомдол нь урьдчилан шийдвэрлэх үе шатаар дамжих ёстойг заасан. ЗЕХ-ийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэхчлэн зохицуулсан. Тэгвэл 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль[6] (цаашид ТАтХ гэх)-ийн 66 дугаар зүйл, 75 дугаар зүйлд тодорхойлсон ТАЗ-ийн бүрэн эрхэд иргэн, байгууллага, төрийн албан хаагчийн гомдлын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, төрийн албаны хүний нөөцийн асуудалтай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагаас гаргасан зарим актын талаар маргааныг урьдчилан шийдвэрлэх эрхийг багтаажээ. ТАЗ-ийн гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа бол ЗЕХ-ийн 93 дугаар зүйлийн 93.1-д дурдагдсан гомдол шийдвэрлэх чиг үүргийн дагуу явуулж байгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа юм.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ТАЗ-өөс гарсан шийдвэрийг маргааны нэг тал болох захиргааны байгууллагаас ТАтХ-ийн 76.3-т заасны дагуу эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах гэсэн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь цөөнгүй байна. Гэтэл ТАтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.6-д ”Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж, түүнчлэн ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” тохиолдолд нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр заасантай нийцэж байгаа эсэх талаар судлах шаардлагатай болж байна.
УИХ-ын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам[7]-аар ТАЗ-ийн маргаан урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Дээрх журмын 14.4-т “Зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж, 14.5-д “Холбогдох байгууллага, албан тушаалтан Зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор уг шийдвэрийн биелэлтийн талаар хариу ирүүлнэ”, 14.6-д “Энэ журмын 14.4-т заасныг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус зааснаас үзэхэд ТАЗ нь ТАтХ-ийн 75 дугаар зүйлийн 75.1-д нэрлэн заасан төрийн албаны маргаантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргийнхээ дагуу шийдвэрлэсэн шийдвэр нь шүүхийн өмнөх шатанд маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн “заавал биелэгдэх” шинжийг агуулж байна гэж дүгнэхэд хүргэнэ.
Гэтэл ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно”, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 15.1-д “Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж ТАЗ-ийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь бас тусгагдан. Ийнхүү төрийн албаны зарим төрлийн маргаан (төрийн жинхэнэ албанд томилогдох, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалыг бууруулах, сонгон шалгаруулалтад орох зэрэг)-ыг шийдвэрлэхэд мөрдөгдөх зохицуулалт, түүний хэрэглээтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох ТАЗ-ийн шийдвэр нь заавал биелэгдэхээр хуульчлагдсан нь шүүхийн практикт энэ төрлийн маргааныг хүлээн авч шийдвэрлэхэд зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
Хоёр. ТАтХ-д байгаа ТАЗ-ийн шийдвэрийг заавал биелүүлэх тухай зохицуулалт нь нэг талаас, маргааны зүйл болох захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсоноор эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн эрх даруй сэргээгдэх ач холбогдолтой. Нөгөө талаас, сэргээсэн шийдвэрийг маргааны нөгөө тал болох захиргааны байгууллага эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй байгаа ч ТАтХ-ийн 76 дугаар зүйлд ТАЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх, ТАЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага, ТАЗ-ийн мэдэгдлийг заавал биелүүлэхтэй холбоотой хугацааг тогтоосон зэрэг нь ТАЗ-өөс төрийн албан маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн шийдвэр нь “заавал биелэгдэх” төдийгүй “даруй хэрэгжих” шинжтэй зөрчилдөж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж ...., хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.4-т ”захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” тохиолдолд захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр тус тус заажээ.
Эдгээрээс үзэхэд захиргааны байгууллага гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ТАтХ 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан акттай маргах эрх төрийн захиргааны байгууллагад байхгүй байна.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь нэг талдаа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, нөгөө талдаа захиргааны байгууллага дотооддоо алдаагаа засах, шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг дээд шатны захиргааны байгууллага хянах зохицуулалт[8] юм.
Гурав. Захиргааны хэргийн шүүх нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарсан шийдвэрийг хянах боломжгүй, түүнчлэн урьдчилан шийдвэрлэсэн дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч төрийн захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах эрх тодорхой үндэслэл шалгуураар хязгаарлагддаг. Захиргааны байгууллага чиг үүрэгт нь хамаарах, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн ... шийдвэр гаргадаг, уг шийдвэртэй холбогдуулан гарсан гомдлын дагуу маргааныг дээд шатны эсхүл гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага урьдчилан шийдвэрлэдэг, харин эдгээр захиргааны шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг. Энэ байдал нь анхны захиргааны байгууллагын шийдвэрийг дээд шатны захиргааны байгууллага эцэст нь шүүх хянадаг “шатлал” биш юм.[9]
Захиргааны байгууллага нь зарчмын хувьд зөвхөн “хуульд тусгайлан заасан бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасан. Үүнийг ЗХШХШтХ болон бусад материаллаг хуулиар тухайн захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргах эрх олгосон байхыг ойлгоно.[10]
Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шат болох шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах, хянан шийдвэрлэхэд дээр дурдсан зохицуулалт хоорондын уялдаа холбоо хууль хэрэглээ ямар түвшинд байгаа талаар захиргааны хэргийн шүүхийн практикт судалгаа хийлээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оноос 2024 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны байгууллагаас гаргасан 31 нэхэмжлэлийг хүлээн авсан[11] байна. Эдгээрээс ТАЗ-ийн шийдвэртэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг тус шүүхээс хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж байгааг дараах жишээгээр харж болно.
Өмнө дурдсан 31 нэхэмжлэлээс 16 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 15 нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн, 6 нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, хэргийг хэрэгсэхгүй болгож, 7 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрээр буюу ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн 2 хэрэг байна.
Эдгээрээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан маргааны хувьд шүүгч захирамждаа ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан татгалзсан үндэслэлээ Захиргааны байгууллагаас “ТАЗ-ын тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[12] “...урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ТАЗ-өөс гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцаа тул захиргааны байгууллагын дотогш чиглэсэн үйл ажиллагааны нэг хэлбэр болохын хувьд энэ асуудалтай холбогдон үүссэн маргаан нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш...” гэх үндэслэлээр.
Түүнчлэн Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг дээд шатны захиргааны байгууллага ТАЗ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хянаж хүчингүй болгосон тул ТАтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх буюу дотогш чиглэсэн шинжийг агуулж байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ихэвчлэн дурдаж шийдвэрлэжээ.[13]
Түүнээс гадна зарим тохиолдолд Захиргааны байгууллагаас ТАЗ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлээ “...эрхийг хуулиар олгоогүй” гэх үндэслэлээр, мөн “...урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр нь гомдолд холбогдох шийдвэрийг гаргасан захиргааны байгууллагын субьектив эрхэд сөрөг нөлөөтэй гэж үзэхгүй, мөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж гаргасан буюу гомдол хянан шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэл гаргагч захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн гэж үзэхгүй,”[14] “...захиргааны байгууллага болохын хувьд ЗЕХ-ийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын шийдвэр гэж үзэн заавал биелүүлэх үүрэгтэй тул эс зөвшөөрч маргах эрхгүй гэх[15] ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т заасан ...хууль зөрчигдсөн байх шаардлага шууд утгаараа хангагдаагүй, захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий тодорхой, мөн тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр[16] тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа өөр өөр агуулгаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Тэгтэл зарим тохиолдолд шүүх Захиргааны байгууллагаас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар шийдвэрлэсэн тохиолдол маш цөөн байна. Жишээ нь: ТАЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох ТАЗ-ийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түүнийг биелүүлэхийг даалгахаар нэгэн яамнаас гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд тус яамны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ТАЗ-ийн тогтоол нь иргэний зөрчигдсөн эрхийг шүүхийн өмнөх шатанд буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн, зорилгодоо нийцсэн, хуульд заасан үндэслэл журмыг хангасан гэж үзэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. [17] нэгэн сумын Засаг даргаас ТАЗ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж,[18] ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар ТАЗ-ийн тогтоолыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэснийг давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шүүх ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.[19]
Харин УДШ-ийн Хяналтын шатны шүүх уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно зааснаар нэхэмжлэгч сумын Засаг дарга захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзжээ.[20]
III. ДҮГНЭЛТ
1.Төрийн захиргааны байгууллагаас ТАЗ-ийн шийдвэртэй холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх талаар нэгдсэн практик тогтоогүй байгаа нь ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3, 76.4, 76.5, 76.6 дахь заалтуудад байгаа ТАЗ-ийн шийдвэрийн талаарх зохицуулалтын уялдаа холбоо оновчгүй байгаатай холбож үзэхээр байна. Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 14.4-т Зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэсэн заалт ТАтХ-ийн 76 дугаар зүйл дэх ТАЗ-ын чиг үүрэг, шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн заалтууд нь ТАЗ-ийн урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан шийдвэр заавал биелэгдэх төдийгүй маргааныг эцэслэн шийдвэрлэх агуулгатай байна. Гэтэл ТАтХ-д ТАЗ-ийн шийдвэрт гомдол гаргах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгосон. Тэгвэл төрийн захиргааны байгууллага ямар тохиолдолд ТАЗ-ийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар нарийвчилсан зохицуулалтыг ЗХХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.4, 106 дугаар зүйлийн 106.3.9-д заасантай нийцүүлэн уялдуулан зохицуулах шаардлагатай.
ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан эс зөвшөөрсөн тал гэдэгт төрийн захиргааны байгууллага хамаарах тохиолдолд “эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд” нэхэмжлэл гаргах ерөнхий зарчим болон ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.4-д “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэх ойлголттой уялдуулан хэрэглэгдэх боломжтой болно.
2.ТАЗ-ийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй захиргааны байгууллага нь уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргах эрх нь дээр дурдсан үндэслэл шалгуурын хүрээнд хэрэгжих боломжтойгоос гадна ТАЗ-ийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль заасан журмын дагуу явуулаагүй тохиолдолд захиргааны байгууллагаас ТАЗ-ийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах талаар ТАтХ-ийн 76 дугаар зүйлийн 76.3-т тодруулан зохицуулах шаардлагатай. Ийм агуулгатай зохицуулалт маргаан шийдвэрлэх эрх бүхий субьектийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомжид тусгагдсан байдаг. Жишээ нь: Хөдөлмөрийн тухай хууль[21] (2021 оны)-ийн 151 дүгээр зүйлийн 151.6-д болон Засгийн газрын 2023 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн арбитрын дүрмийн 5.2.4 “арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах”, Монгол улсын шүүхийн тухай хууль[22] (2021)-ийн 115.1-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг зөвхөн Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон; энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон тохиолдолд хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтаас үзэхэд хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын шийдвэрийг зөвхөн хязгаартай тодорхой тохиолдолд шүүх хянах зохицуулалтай. Иймд ТАЗ-ийн шийдвэрийг “эс зөвшөөрсөн” захиргааны байгууллага шүүхэд гомдол гаргахад хуульд тодорхой шалгуур үндэслэлийг хуульчилж, ТАЗ-ийн “процессын алдаатай шийдвэр”-т гомдол гаргах гэх мэтээр тодруулан зохицуулж, эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн хууль зүйн ойлголтыг нэг мөр болгон, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
- НОМ ЗҮЙ
А. Монгол эх сурвалж:
- Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, 2023.
- Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи, Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, 2017.
- Ц.Цогт, Захиргааны хэргийн шүүх, 2019.
- П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 2016.
- М.Хонинхүү, “Захиргааны хууль бус актад гомдол гаргах асуудал,” Эрх зүй сэтгүүл (3), 2013.
- Т.Мөнх-Эрдэнэ, Л.Энхтайван, Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний тайлбарын эмхэтгэл, 2024.
Б.Эрх зүйн сурвалж:
- Монгол Улсын Үндсэн хууль (1992).
- Иргэдээс Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлэх тухай хууль (1995).
- Төрийн албаны тухай хууль (2002).
- Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (2017).
- Захиргааны ерөнхий хууль (2015).
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2016).
В.Цахим эх сурвалж:
- Монгол Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - https://legalinfo.mn/mn.
- Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн систем - https://shuukh.mn/.
[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992) №01.
[2] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2015) №28.
[3] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016) №09.
[4] М.Хонинхүү, “Захиргааны хууль бус актад гомдол гаргах асуудал”, Эрх зүй сэтгүүл, 2013 (3), 50 дахь тал.
[5] П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, УБ 2016, 316 дахь тал.
[6] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2018) №01.
[7] Төрийн мэдээлэл сэтгүүл 2019 он тусгай дугаар, 83-90 дүгээр тал.
[8] ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи, Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, 2017.
[9] Ц.Цогт, Захиргааны хэргийн шүүх, 2019, 80 дахь тал.
[10] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, 2023, 237 дахь тал.
[11] Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байгаагаар.
[12] Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6358 дугаар захирамж.
[13] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7508 дугаар захирамж.
[14] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3582 дугаар захирамж.
[15] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8420 дугаар захирамж.
[16] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2236 дугаар захирамж.
[17] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 800 дугаар шийдвэр.
[18] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэр.
[19] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 277 дугаар магадлал.
[20] Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 337 дугаар тогтоол.
[21] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2021) №31.
[22] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2021) №05.