Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр зохион байгууллаа.
Шүүхийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, шүүхийн захиргааны хүний нөөцийн дарга Д.Мөнхбат удирдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга тангараг өргөх арга хэмжээг нээв.
Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг А.Энхсаруул уншиж сонордуулан Төрийн дуулал эгшиглэн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, А.Энхсаруул нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөсөн захиргааны албан хаагч нартаа тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч нар, Тамгын газрын дарга Н.Батхүү болон бусад захиргааны албан хаагч нараас баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар